Values
Foreword
Сэтгэлээсээ хийж бүтээсэн, шаардлагуудыг бөглөж хийсэн төдий хоёрын ялгаа андашгүй байдаг даа. Их сургуулиа төгсөөд, ганц байгууллагад 3 жилийн турш ажилчхаад, Сискотек Плэймо ХХК-г үүсгэн байгуулж байхдаа би компанийн үнэт зүйлс, алсын хараа, эрхэм зорилго гэх мэт тодорхойлолтыг сайн ойлгодоггүй байлаа. "Монголын анхны…" эсвэл "Манлайлал, багийн ажиллагааг эрхэмлэнэ" гэх мэт нийтлэг хэлдэг зүйлсийг товчхон тоочихоор надад наалдацгүй санагддаг. Бид хэрэглэгчдэдээ зориулж ажилладаг ч, мөр зэрэгцэн ажиллаж байгаа баг хамт олноо цаг ямагт бүтээлцэж байдаг тул Сискотекийг бүрдүүлдэг шинж чанаруудыг онцлоё.
— Tebi (Т. Билгүүн)
Дуртайд хүчтэй
Монгол-Францын төвийн номын сангийн өрөөний голд байдаг ганцхан компьютерыг нэг жаал хүү өөрийн мэт эзэлчихсэн суугаад чухам завгүй анимэ үзэж тоглоом тоглож суух нь хэвийн үзэгдэл байжээ. Дарь-Эхийн эцэс хүртэл гэртээ харих зам хол учир аав ээжийгээ ажлаа дуусгаад ирж авахыг хүлээх нь 12 настай Билгүүний хувьд өдрийн хамгийн гоё мөч. Хамгийн дуртай тоглоом нь MUGEN байжээ. Энэ нь 2D тулалддаг үнэгүй тоглоомны engine бөгөөд Mortal Kombat болон Tekken-тэй төстэй гэж ойлгож болно. Онцлог нь хүмүүс үүнийг ашиглаад өөрийн хүссэн дүрээ бүтээж, уг engine дээр суурилсан шинэ тоглоом бүтээж болох юм. Гокугийн эсрэг Нарутогоор зодолдож тоглох бол манай үеийнхний хувьд байж болох хамгийн догь зугаа байлгүй яахав.
Форум вэбсайт дээр дэлхийн өнцөг бүрээс хүмүүс өөрсдийн сайн дураар хийсэн тоглоомоо үнэгүй татахаар тавидаг. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншаад тоглоомоо сайжруулж хөгжүүлдэг. Үнэгүй болохоор нь би дуртайяа тоглож байсан ч, яагаад тэр хүмүүс ямар ч шан харамжгүй байтал энэ их хүч хөдөлмөрийг зарцуулж ажиллаж байгааг гайхдаг байлаа. Тоглоомыг нь өөрчилж оролдох сониуч зан хөдөлснөөр би дүрийнх нь цохилтын хүчийг маш их болготол нэг цохилтоор шууд ялдаг болчхов. Үүнийгээ найзуудтайгаа хамт туршиж үзтэл, тоглоомд цоо шинэ горим нэмэгдсэн мэт болж хэсэгтээ л үүнээс салахаа байсан. Ганц тохиргоог нь өөрчилж шинэчлэхэд надад ийм зугаатай байгаа бол тоглоомыг бүхэлд нь бүтээсэн тэдэнд ямар зугаатай байдгийг би гадарлах шиг боллоо.
Хийж байгаа зүйлдээ дуртай нь андашгүй, "дургүйд хүчгүйн" эсрэг хандлагатай хүмүүс байдаг. Ийм зан төлөв нь ихэвчлэн төрөлхийн байх ба зааж сургахад хэцүү. Олон цагаар ажилладаг, эсвэл маш завгүй харагддагийг ажилдаа дуртай байна гэж андуурч магадгүй. Мэдээж өндөр цалин, тохилог оффис, цагийн уян хатан байдал гэх мэт хүчин зүйлс ажил сонголтод нөлөөлнө. Гэвч нэн тэргүүнд хийж буй зүйлээсээ таашаал авдаг, эд анги бүрийг няхуур шалгадаг эсэх нь ажилдаа дуртайн шинж билээ. Мэргэжил бүрт хийхэд хялбар болон хэцүү хэсэг гэж байж таарна. Хялбарыг нь хийчхээд, хэцүү хэсгийг нь хийх гэхээр толгой нь гашлаад хаячихдаг бол дуртай биш л байна гэсэн үг дээ. Хүн болгонд ажил хийх хүсэл байдаггүй бөгөөд тэр нь зүгээр ээ. Ажлыг ял үүрч байгаагаас өөр өнцгөөр харж болохыг доор тайлбарлая. Ямартай ч бид ажилдаа дуртай, асуудал тулгарвал хүчтэй дайраад гардаг хүмүүсийг хайдаг.
Үл мэдэхийн хотхон
Мэдэмхийрдэг хүмүүст дуртай хүн гэж үгүй. Шинэ санааг огт хүлээж авахгүй, шууд няцаадаг хаалттай хана шиг хүмүүс байдаг даа. "Угаасаа ийм байдгийн…" гэсэн амны уншлагатай. Үнэхээр мэддэг чаддаг хүн мөн л бол яагаад тийм байдгийг нь, яагаад тогтсон арга барил нь илүү сонголт вэ гэдгийг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхийг нэр хүндээ алдахтай ижил гэж бодох нь хөгжил дэвшлийг эсэргүүцэж байгаа хэрэг билээ.
"Өдийд байдаггүй ч, ирээдүйд энгийн үзэгдэл болсон зүйлийг одоо үе рүү чирж авчрах." Үүнийг шинийг бүтээх гэнэ. Facebook анхны сошиал платформ байгаагүй, Google анхны хайлтын систем байгаагүй. Анхдагч биш боловч шинэчлэлт хийж асар том амжилтад хүрсэн жишээ олон бий. Гэвч амжилттай шинэчлэлт болгоны ард тоо томшгүй бүтэлгүйтсэн оролдлогууд барианд хүрэлгүй хоцорч үлддэг. Гараан дээр байхдаа бүгд өөрсдийн замыг зөв гэж итгэж байсан нь мэдээжийн хэрэг.
Бүтээлч сэтгэлгээтэй бол үргэлж эргэн тойрон дахь зүйлсээ одоогийнхоос хэрхэн илүү дээр байж болох вэ гэж боддог. Шинийг эрэлхийлсэн оролдлого бүр бүтэлгүйтэх боломжтой тул алдахаас айхын оронд үл мэдэхийн хотхоноор аялж байна гэж төсөөлж болно. Тэндээс ямар туршлага хуримтлуулж, юу өвөртөлж авчрахыг таашгүй.
Шинийг эрэлхийлнэ гэдэг цаг хугацаа эсвэл хөрөнгө мөнгөний хувьд үнэтэй тусдаг. Тиймээс хэт өөртөө итгэлтэй байж болохгүй. Гэтэл шинэ боломжуудыг хайхгүй бол өсөж хөгжихгүй, ард хоцорч үлдэнэ. Тиймээс хэт болгоомжилж болохгүй. Сониуч зангийнхаа тунг тааруулж, өөртөө итгэн эрсдэл тээх болон болгоомжлох хоёрын дундуур маневр хийх маш хэцүү. Асуудалтай тулгарах үед "Би сайн мэдэхгүй байна, хамт учрыг нь олъё" гэсэн хандлагын гол орц нь тэр маневр хийх чадвар болдог. Дүүрэн аяганд цай хийх боломжгүй гэдэг дээ.
Нийгмийн амьтан юм хойно
Аливаа зүйлийг бүтээлцэхдээ баг болж хамтарч байгаа бол "нийгмийн гэрээ" давхар хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хичээхээс илүүтэйгээр, баг хамт олноо чухалчилж буй хэрэг юм. Энэ нь хувийн ажлаа хойш тавих гэсэн үг биш. Эсрэгээрээ "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэгтэй өнгө ижил. Бусадтай үнэнч бус, тал засаж харьцвал нөгөө хүнийхээ хөгжилд саад болж байна гэсэн үг. Энэ ухамсар нь "дуртайд хүчтэй"-тэй адил, заахад хэцүү. Хүн өөрөө өөртөө л шаардлага тавьж хэвшил болгодог шинж чанар юм.
Гараас чинь гардаг зүйл ердөө цалин мөнгөний оронд хийж буй зүйл биш, бусад хүмүүсийн хүртээл болдог зүйл билээ. Чи энэ ертөнцийн хаа нэгтээ хурууны хээгээ үлдээж байгаагаас өөрцгүй. Энэ өнцгөөс харж үзвэл аливаа ажилд илүү нухацтай ханддаг. Бидний хийж буй зүйлс энэ хорвоод өмнө нь үзэгдээгүй, цоо шинэ зүйл биш ээ. Гэсэн ч, хэдүүлээ хамт байгаа дээрээ хүмүүст гоё зүйлсийг хүртээл болгож, хурууны хээгээ үлдээцгээе.